Skip to main content

Хэн, яах гэж хэлэв?

Монгол авлига ихтэй улс. 2020 оны байдлаар авлигын индексээр 111-д жагсаж байна.[1] Авлига буюу төрийн өмчийн хулгай, төрийн албыг завхруулан хувийн ашиг сонирхолд ашигладаг луйварт холбогдоогүй төрийн өндөр албан тушаалтан үгүй бололтой.

Өмнөх ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн парламентад хэлсэн үгэндээ “тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна...2016 оны парламент ч ийм байсан”[2] гэж хэлснийг сонсоод үнэхээр цочирдож билээ. Хэрэв хэн нэгэн хэвлэл мэдээллээр танай байгууллага, танай компаний талаас илүү нь гэмт хэрэгтэн гэж хэлвэл надад туйлийн доромжлол мэт санагдан нэрээ цэвэрлэх гэж эцэст нь хүртэл хөөцөлдөх байсан. Харин энэ мэдэгдлийг парламент ч, төрийн байгууллагууд ч тоосон шинжгүй өнгөрсөн.

 

Ер нь сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ хулгайч, луйварчин гэж зарлан би бага идсэн, чи их идсэн гэж дуулиан шуугиан тарих нь элбэг боллоо. Ийм мэдээ олон нийтийг нэг хэсэг шуугиулаад замхардаг, нөгөө дуулиантай хэрэгт холбогдсон нэгэн төд удалгүй өөр нэг өндөр албан тушаалд хээв нэг томилогддог жишиг тогтчихлоо. Эцсийн үр дүнд нь хүмүүс хий дэмий бухимдан хоорондоо тэр сайд чинь хулгайч, энэ гишүүн чинь луйварчин гэж ярьцгаана. Уг нь төрийн албыг гэмт хэрэг хийсэн байтугай нэр холбогдсон нэгэн ч хаших ёсгүй.

 

Шударга нэгэнд төрийн алба хаших хэцүү, болих хэцүү байх шиг. Учир нь алба хашсан болгон ямар нэгэн гэмт хэрэгтэн гэсэн ойлголт газар авч байна. Гэтэл төрийн албанд ажиллагсдын ихэнх нь шударгаар хөдөлмөрлөн, мэдлэг чадвараа ахиулж, ажил албандаа ахиц дэвшил авчрах гэсэн энгийн л нэг хүмүүс байдаг. Өндөр албан тушаалтнуудын үнэн худал нь мэдэгдэхгүй хэл ам, хэрүүлийн улмаас төрийн нэр хүнд унаж байгаа нь эдгээр мянга мянган хүмүүсийн урам зоригийг мохоож байгаа бол уу.

 

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, шударга нийгэмд хэрэг хийсэн бол шийтгүүлдэг, гүтгүүлсэн бол цагааддаг байх ёстой. Гэтэл яагаад манайд энэ үйлчлэхгүй байна вэ? Хэвлэл мэдээллээр шуугиан тарьсан асуудлууд яагаад замхраад байна вэ? Магадгүй нэг шалтгаан нь сэтгүүлчид, иргэд “Юу хэлэв?” “Хэлсэн зүйл нь үнэн үү?” гэдгээс илүү “Хэн үүнийг хэлэв? Яагаад үүнийг хэлэв?” гэдэгт анхаардагаас болдог юм уу. Хэрэв эхний хоёр асуултад туйлбартай анхаарал тавьж, хариуцлага шаарддагсан бол өнөөдөр дуулиант хэрэгт нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудын хэрэг үйлдсэн нэг нь шийтгүүлж, үйлдээгүй нэг нь нэр цагаадан “хулгайч, луйварчин” гэж хэлүүлэхгүй байхсан. 

 

Харин бид “Хэн хэлэв? Яах гэж хэлэв?” гэдэгт анхаарснаар хэрэг замхрах, хэрэгтэн байх нь хэвийн байх жишиг тогтоод байх шиг. Хэн, яагаад хэлэх нь бидэнд чухал гэж үү. Харин юу хэлэв, хэлсэн зүйл нь үнэн үү, хэлсэн ярьсан зүйлдээ хариуцлагаа хүлээх үү гэдэг нь чухал биш үү. 

 



[1] https://www.transparency.org/en/countries/mongolia

[2] http://www.shuud.mn/a/527872

Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,