Skip to main content

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)




Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант (Immanuel Kant)-ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй.[1] 

Гэгээрэл гэж юу вэ?

Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаасаа гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг. Sapere aude!  [Танин мэдэх зоригтой бай!] “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа.

Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч (naturaliter maironnes) насан туршдаа балчир хэвээр байгаагийн шалтгаан нь бөгөөд үүний улмаас зарим  хүмүүс өөрсдийгөө тэдний асран хамгаалагч болгон өргөмжлөхөд амархан байдаг. Насанд хүрэхгүй байх нь хамаагүй амар хялбар. Хэрэв надад миний өмнөөс ухаардаг ном, миний өмнөөс ухамсарладаг[2] хувраг, хоолны дэглэмийг минь шийддэг эмч, гэх зэрэг байвал би өөрийгөө зовоох хэрэггүйсэн. Надад бодох хэрэг байхгүй, би зөвхөн төлбөрөө л төлчихвөл бусад нь энэ залхуутай ажлыг надад хийгээд өгнө. 

Эрэгтэйчүүдийн томоохон хэсэг (ба бүх эмэгтэйчүүд) мэдлэг чадвараа ахиулах нь “хэдийгээр энэ нь их хэцүү ч” маш аюултай гэж тэднийг сайхан сэтгэлээр захирдаг асран хамгаалагч нар үздэг. Асран хамгаалагчид эхлээд өөрсдийн тэжээвэр амьтдаа мунхруулан, эдгээр номхон хүлцэнгүй амьтад хөллөгөөтэй тэргээ орхин нэг ч алхам хийж зүрхлэхгүй болгох бөгөөд дараа нь тэдэнд хэрэв ганцаараа явбал тохиолдох аюул заналыг харуулдаг. Гэвч үнэндээ энэ нь тийм ч аюултай биш бөгөөд хэдэн удаа унаад л тэд ганцаараа яваад сурчихна. Харин бүтэлгүйтлийн энэ жишээ нь тэднийг хулчийлгаж, цаашид ямар нэг оролдлого хийхээс ердөө л айлгадаг. 

Бараг л төрөлх чанар нь болсон балчир байдлаас өөрийгөө гаргах нь ямар ч хүний хувьд маш хэцүү. Тэр өөрөө энэ байдалдаа дассан байдаг ба хэн ч, хэзээ ч түүнд зөвшөөрч байгаагүй тул одоогоор өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдаг. Ягшмал сургаал, номлол бол түүний байгалиас заяасан авьяасыг бодлоготой ашиглах буюу үнэндээ буруу ашиглах механик хэрэгсэл бөгөөд үүрдийн балчир байдлын гав дөнгө юм. Тэдгээрийг хаясан хүн ийм чөлөөт хөдөлгөөнд дасаагүй тул өчүүхэн нарийхан ангал дээгүүр ч итгэлгүй үсэрдэг. Тиймээс ухаан санаагаа дасгалжуулан өөрийгөө чадваргүй байдлаас чөлөөлж, тогтвортой алхамд хүрч чадсан хүн тун цөөн байдаг. 

Харин олон нийт гэгээрэх боломж илүү байдаг. Үнэндээ, эрх чөлөөг нь л олгочихвол гэгээрэх нь гарцаагүй. Өөрсдийн мөрөн дээрээс балчир байдлын дөнгийг авч хаясан зарим бие даан сэтгэгчид олон түмний дээр төлөвшсөн асран хамгаалагчдын дунд хүртэл байдаг бөгөөд өөрсдийн үнэ цэнэ болон хүн бүрийн өөрийнхөө төлөө сэтгэх хүсэл эрмэлзлэлийн аль алийг нь оновчтойгоор хүлээн зөвшөөрч, энэ оюун санаагаа түгээн дэлгэрүүлэх болно. Гэхдээ хөгжүүлэгчдээс эсвэл тэдний залгамжлагчдаас хожим нь өшөө авахад хүргэх атгаг санааг суулгадаг маш хөнөөлтэй өчүүхэн гэгээрэлд хүрэх чадвартай зарим асран хамгаалагчид өдөөн турхирвал анхнаасаа асран хамгаалагчдаар дөнгөлүүлсэн олон нийт асран хамгаалагчдыг өөрсдийг нь дуулгавартай байхыг албадна гэдгийг анхаарна уу. Иймд олон нийт зөвхөн аажмаар гэгээрэлд хүрч чадна. Хувьсгалаар хувийн дарлал, хомхой шунаг, дарангуйллын дарамт мөлжлөгийг унагааж болох ч, сэтгэх арга барилын жинхэнэ шинэчлэлд хүргэж чадахгүй. Харин түүний оронд ухаан бодолгүй үй олон түмнийг хөллөхөд шинэ атгаг санаа хуучинтай адил үйлчлэх болно.

Гэгээрэлд эрх чөлөөнөөс өөр юу ч хэрэггүй бөгөөд үнэндээ энэ нэр томьёог зөв хэрэглэж болох бүх зүйлээс хамгийн аюулгүй нь юм. Энэ бол юм бүхэнд өөрийн оюун ухаанаа нийтийн төлөө ашиглах эрх чөлөө юм. Гэвч би тал бүрээс “Бүү марга” гэхийг сонсоно, офицер: “Бүү марга, зүгээр жагс,” татвар хураагч: “Бүү марга, зүгээр төл,” санваартан: “Бүү марга, зүгээр итгэ!” Дэлхий дээр ганцхан хунтайж [Пруссын Фредерик II (Агуу)] “Хүссэн хэрээрээ марга, хүсэж байгаа зүйлийнхээ талаар марга, гэвч захирагд” гэж хэлнэ. Хаа сайгүй эрх чөлөөг хязгаарлана. 

Аль хязгаарлалт нь гэгээрэлд саад болж, аль нь гэгээрлийг дэмждэг вэ? Би хариулъя: Өөрийн оюун ухааныг нийтийн төлөө ашиглах нь үргэлж чөлөөтэй байх ёстой бөгөөд ганц энэ л хүмүүсийг гэгээрэлд хүргэж чадна. Харин оюун ухаанаа хувьдаа ашиглах нь гэгээрлийн ахиц дэвшилд тодорхой саад болохооргүй, ихэнхдээ маш явцуу хүрээнд хязгаарлагдаж болно. Нийтийн төлөө ашиглах гэдгийг би тухайн хүн өөрийн оюун ухаанаа уншигч олны өмнө эрдэмтний хувьд ашиглах гэж ойлгож байна. Хувьдаа ашиглах гэдгийг би түүнд итгэж даалгасан төрийн алба, албан тушаалд өөрийн оюун ухаанаа ашиглахыг хэлж байна. Нийгэмлэгийн[3] ашиг сонирхолд хөтлөгддөг олон ажил хэрэгт нийгэмлэгийн зарим гишүүдийг идэвхгүй зохиомол нэгдмэл байдалтай байлгадаг тодорхой механизм шаардагддаг ба тэгснээр засгийн газар тэднийг олон нийтийн зорилгод чиглүүлэх эсвэл ядаж л тэдгээр зорилгыг үгүй хийхээс сэргийлдэг. Энд маргаан зөвшөөрөгдөхгүй – хүн захирагдах ёстой. Гэвч тэр өөрийгөө механизмын нэг хэсэг байхын зэрэгцээ бүхэл нийгэмлэгийн, эсвэл дэлхийн иргэдийн нийгмийн гишүүн гэж үзэж, бичвэрээрээ дамжуулан олон нийтэд эрдэмтний хувьд хандан идэвхгүй гишүүний үүрэг хариуцлага хүлээсэн ажил хэргээ нураахгүйгээр маргаж чадах нь гарцаагүй. Иймд үүрэг гүйцэтгэж байгаа офицер даргынхаа өгсөн тушаалын зохистой эсвэл ашигтай эсэх талаар маргах нь хортой; тэр захирагдах ёстой. Гэвч цэргийн албаны алдаа дутагдлын талаар үг хэлэх, олон нийтээр шүүлгэхээр гаргаж тавихыг нь эрдэмтний хувьд түүнд татгалзаж болохгүй. Иргэн ногдсон татвараа төлөхөөс татгалзаж болохгүй бөгөөд; үнэндээ, татварын ногдлын талаарх түүний увайгүй гомдлыг скандал гэж үзэн шийтгэж болно (энэ нь нийтийн эсэргүүцлийн шалтаг болж мэдэх тул). Гэвч энэ хүн эрдэмтэн хүний хувьд эдгээр татварын зохисгүй байдал, тэр байтугай шударга бус байгаа талаар өөрийн бодлоо олон нийтэд илэрхийлэх нь иргэн хүний үүрэгтэй нь зөрчилдөхгүй. Үүний нэг адил санваартан бурхны номын шавь нартаа номлол айлдах үүрэгтэй ба сүмд түүнийг авсан нөхцөлийн дагуу цуглааны мөргөл нь сүмийн бэлгэ тэмдэгтэй нийцтэй байна.  Харин эрдэмтний хувьд тэрээр бэлгэ тэмдгийн алдаа болон шашны байгууллага, сүмийн зохион байгуулалтыг сайжруулах талаар өөрийн сайтар шалгасан, сайн санааны бодлоо олон нийтэд хүргэх бүрэн эрх чөлөөтэй, тэр ч байтугай үүрэгтэй. Үүнийг хийснээр түүний ухамсарт дарамт болох юу ч байхгүй. Сүмийн төлөөлөгч болох албаныхаа хүрээнд түүний заадаг зүйлийн хувьд тэр өөрийгөө өөрийн хүссэнээр заах эрхгүй гэж үзнэ. Энэ бол өөр нэгний өмнөөс зааврын дагуу ярихаар томилогдсон ажил юм. Тэр “Манай сүм үүнийг, түүнийг заадаг; тэдгээр нь тэрний гаргасан нотолгоо” гэж хэлнэ. Тэр тиймээс өөрийн цуглааны бүх практик хэрэглээгээ өөрөө бүрэн итгэлтэй санал нийлэхгүй байгаа ч ягшмал сургаал, номлолоос гаргаж авна, харин өөрийн итгэлийн хувьд тэдний дотор үнэн нуугдаж байх нь боломжгүй зүйл биш тул тэдгээрийг өөртөө зарлан тунхаглах амлалт өгөх ба ямар ч байсан, тэдгээрт ядаж л дотоод сүсэгтэй нь зөрчилтэй юм байхгүй. Хэрэв тийм зүйл олдвол, тэр албан үүргээ чин сэтгэлээс гүйцэтгэж чадахгүй бөгөөд болих ёстой болно. Ийм учраас томилогдсон багш цуглаандаа өөрийн оюун ухаанаа ашиглах нь зүгээр л хувьдаа ашиглаж байгаа хэрэг, учир нь энэ цуглаан (цугларал нь хэчнээн том байсан ч хамаагүй) бол ердөө л сүмийн дотоод хэрэг; ингээд үзвэл хувраг чөлөөтэй биш бөгөөд чөлөөтэй байж болохгүй, учир нь тэр өөр нэгний тушаалыг гүйцэтгэж байгаа. Харин бичвэр нь нийтэд, улмаар дэлхийд хүрдэг эрдэмтний хувьд санваартан оюун ухаанаа нийтийн төлөө ашиглахдаа өөрийн оюун ухаанаа ашиглах болон өөрийн бодлыг ярих хязгааргүй эрх чөлөөг эдэлнэ. Хүмүүсийн (оюун санааны зүйлсийн) асран хамгаалагчид өөрсдийгөө чадваргүй байх ёстой гэдэг нь мунхаглалыг мөнхжүүлэх мунхаглал юм.

Гэвч санваартнуудын нийгэмлэг, магадгүй сүмийн чуулган эсвэл нэр хүндтэй гэгээнтнүүдийн бүлэг (Dutch дунд өөрсдийгөө a venerable presbytery гэж нэрлэдэг) өөрсдийн гишүүд, улмаар нийт хүмүүсийг үргэлжлэн асрамжлах, бүр үүнийгээ мөнхлөхийн тулд тодорхой өөрчлөгдөшгүй бэлгэ тэмдэгт тангараг өргөн үүрэг хүлээхийг зөвтгөж болох уу? Би үүнд энэ бүхэлдээ боломжгүй гэж хариулна. Хүн төрөлхтнийг цаашдын гэгээрлээс хаах ийм гэрээг бүр дээд эрх мэдэл, парламентууд, хамгийн ёслол төгөлдөр энхийн гэрээнүүдээр баталсан ч бай туйлын хүчингүй бөгөөд хоосон юм. Эрин үе өөрийгөө хязгаарлаж болохгүй, мөн дараагийн үедээ мэдлэгээ тэлэх, алдаанаас өөрийгөө цэвэрлэж aриусгах, ерөнхий гэгээрэл рүү хөгжин дэвших боломжгүй тийм нөхцөлийг тулгаж болохгүй. Энэ бол угаас хөгжин дэвших зорилготой хүний мөн чанарын эсрэг гэмт хэрэг бөгөөд залгамж үе эдгээр үндэслэлгүй, хорлонтой маягаар гарсан зарлиг, тушаалаас татгалзах бүрэн үндэслэлтэй. 

Хүмүүст зориулсан хууль гэж үзэж болох юм бүрийн шалгуур нь хүмүүс өөрсдөдөө тийм хууль тулгаж чадах уу гэсэн асуултад оршино. Одоо тэгэхээр тиймэрхүү шашны гэрээ нь богино бөгөөд тодорхой хязгаарлагдмал хугацаанд илүү дээр зүйлс хүлээгдэж байгаа үед боломжтой байж магадгүй.  Иргэн бүрд, ялангуяа санваартанд, эрдэмтний хувьд өнөөгийн байгуулалтын алдаа дутагдлын талаарх өөрийн санаа бодлоо чөлөөтэй олон нийтэд илэрхийлэхийг, жишээ нь бичвэрээр илэрхийлэхийг зөвшөөрч болно. Эдгээр зүйлсийн мөн чанарын талаарх ойлголт нийтлэг болж, өргөн хүрээнд зөвшөөрөгдөн,өөрсдийн дуу хоолойг нэгтгэснээр, (бүрэн санал нэгдээгүй ч) тэдний илүү сайжруулсан санааны дагуу өөрчлөгдсөн шашны байгууллагад нэгдсэн цугларалтуудыг хамгаалалтдаа авах саналыг хаан төрд өгөх хүртэл шинээр гаргасан дээрх зохицуулалт үргэлжлэх боломжтой, гэхдээ хуучин зохицуулалттайгаа үлдэх хүсэлтэй хүмүүсийг хориглож болохгүй. 

Гэвч нэг хүний амьдрах хугацаанд ч болов олон нийтийн эргэлзээг хүлээн зөвшөөрдөггүй байнгын шашны байгуулалд нэгдэн, тэгснээрээ хүн төрөлхтний сайжрах хөгжил дэвшилд тухайн хугацааг үр дүнгүй болгон, хөгжил цэцэглэлд гарз учруулах бол – энэ туйлын хориотой. Тухайн хүн (тодорхой богино хугацаанд) мэдэх ёстой зүйлдээ гэгээрэхийг өөрийнхөө хувьд хойш тавьж болох ч, үүнийг хойч үедээ хөсөрдүүлэх нь хүн төрөлхтний эрхийг хохироож, уландаа гишгэлж байгаа хэрэг юм

Хүмүүс өөртөө зарлиг буулгахгүй зүйлийг хаан тэдэнд зарлигдаж бүр ч болохгүй, учир нь түүний хуульчлах бүрэн эрх нь нийт иргэдийн хүсэл сонирхлыг өөрийнхтэйгөө нэгтгэх дээр тогтдог. Хэрэв тэр бүх бодит болон зөвшилцсөн сайжруулалт иргэний дүрэм журамтай нийцтэй байна гэж үзвэл албатууддаа өөрсдийн оюун санааны сайн сайхан байдалд шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийхийг нь зөвшөөрч болно. Энэ түүнд хамаагүй, гэхдээ тэр өөрийн сайн сайхан байдлыг чадах хэрээр сайн тодорхойлж, дэмжиж байгаа нэгэнд өөр нэгэн балмадаар саад болохоос хамгаалах үүрэгтэй. Түүний албатуудын үзэл бодлоо илэрхийлсэн бичвэрүүдээр тэр өөрийн засаглалыг үнэлж болох тул эдгээр ажил хэрэгт хутгалдах нь түүний сүр жавхланг бууруулна. Тэр үүнийг хамгийн гүн гүнзгий ойлголттойгоор Caesar non est supra grammaticos [Ceasar хэл шинжлэлчдээс дээр биш] гэж өөрийгөө зэмлэснээр хийж чадна. Харин түүний улсад зарим харгис дарлагчид бусад албатуудыг нь шашнаар дарангуйлахыг дэмжин өөрийн хэмжээгүй эрх мэдлээ доройтуулбал сүр жавхландаа хамаагүй их хохирол учруулна.

Хэрэв биднээс “бид гэгээрсэн эрин үед амьдарч байна уу” гэж асуувал хариулт нь “Үгүй”, харин бид гэгээрлийн эрин үед амьдарч байна. Одоогийн байдлаар хүмүүс гаднын заавар, чиглэлгүйгээр, итгэлтэйгээр шашны асуудалд өөрийн оюун ухааныг зөв ашиглах чадвартай байх, эсвэл болоход маш их зүйл дутагдаж байна. Гэвч нөгөө талаас, хүмүүс эдгээр зүйлсийг чөлөөтэй шийдвэрлэх талбар нээгдэж, нийтийн гэгээрэл буюу өөртөө бий болгосон балчир байдлаас гарахад учирдаг саад тотгор багасаж байгаа илэрхий шинж тэмдгүүд байна. Энэ утгаараа, энэ бол гэгээрлийн эрин үе, буюу Фредерик [Агуу]-ийн зуун болж байна.

Хүлцэнгүй байдал хэмээх хямсгар нэрээс татгалзангаа шашны асуудлаар хүнд юу ч зааварлахгүй бөгөөд тэдэнд бүрэн эрх чөлөө өгөх үүрэгтэй гэж хэлэхдээ өөрийгөө  үнэ цэнгүй гэж үздэггүй хунтайж бол өөрөө гэгээрсэн хүн бөгөөд  хүн төрөлхтнөөс балчир байдлыг нь авч хаян, ухамсрын асуудалд өөрийн оюун ухаанаа ашиглах эрх чөлөөг хүн бүрт өгсөн анхны хүн (ядаж л засгийн газрын талаас) гэдгээрээ талархсан ертөнц, хойч үеийнхний хүндэтгэлийг хүлээх эрхтэй. 

Түүний дор хүндэт санваартнууд, эрдэмтний хувьд, өөрийн албан үүргээ зөрчилгүйгээр, заримдаа тогтсон бэлгэ тэмдгээс зөрүүтэй ч өөрсдийн  үнэлэлт дүгнэлт, үзэл бодлоо олон нийтээр шүүлгэхээр чөлөөтэй илгээх боломжтой болсон. Алба үүргээр хязгаарлагдаагүй нэгний хувьд бүр ч их эрх чөлөөтэй болсон. Энэхүү эрх чөлөөний оюун санаа энэ газар нутгаас хальж, өөрийн ашиг сонирхлыг буруугаар ойлгодог засгийн газрын босгосон гаднын саад тотгортой тэмцэх ёстой хүмүүст ч хүрдэг. Жишээ нь, олон нийтийн амар амгалан, нийгэмлэгийн тогтвортой байдлын талаар санаа зовох өчүүхэн ч шалтгаан эрх чөлөөнд байхгүй гэдгийг тийм засгийн газарт нотолж байна. Хэрэв хүмүүсийг  зэрлэг бүдүүлэг байдалд нь байлгах зориудын ов мэх гаргахгүй л бол тэд өөрсдийгөө энэ байдлаас аажмаар гаргана.

Би гэгээрлийн гол санаа хүн өөртөө бий болгосон балчир байдлаас гарах гэдгийг голдуу шашны асуудал дээр гаргаж тавилаа, учир нь манай эрх баригчид урлаг, шинжлэх ухааны асран хамгаалагчийн дүрийг сонирхдоггүй, түүнчлэн шашны чадваргүй байдал бол зөвхөн хортой төдийгүй хамгийн гутамшигтай нь байдаг. Гэвч шашны гэгээрлийг дэмждэг төрийн тэргүүний сэтгэлгээний хэв маяг илүү хол явдаг бөгөөд оюун ухаанаа олон нийтийн төлөө ашиглах, хуулийн илүү дээр томьёоллын талаарх бодлоо хэвлэн нийтлэх, тэр ч байтугай одоогийн хуулиудыг өөрсдийн нээлттэй оюун санаагаар шүүмжлэхийг өөрийн албатууддаа зөвшөөрөн хуульчлах нь ямар ч аюулгүй гэж хардаг. Энэ тухайд бидэнд гялалзсан жишээ байгаа бөгөөд өөр нэг ч хаан бидний хүндэтгэдэг түүнд хүрэхгүй.

Гэвч өөрөө гэгээрсэн, сүүдрээс айдаггүй бөгөөд олон нийтийн энхийг сахиулах олон тооны, сайн сахилга баттай армитай хүн л, “Хүссэн хэмжээгээрээ марга, хүсэж байгаа зүйлийнхээ тухай марга, зүгээр захирагд” гэж хэлж чадна. Бүгд найрамдах улс ийм зүйл хэлж зүрхлэхгүй. Томоор нь харахаар хүний үйл хэргийн бараг юм бүр парадокс (гаж буруу) болдог нэгэн хачин, хүлээгдээгүй чиг хандлага энд харагдаж байна. Иргэний эрх чөлөө их байх нь хүмүүсийн оюун санааны эрх чөлөөнд тустай хэдий ч мөн түүнд даван туулах боломжгүй хязгаарлалтуудыг бий болгодогИргэний эрх чөлөө бага байх нь, эсрэгээрээ, хүн бүрд өөрийн бүрэн хүчин чадалдаа тултал өөрийгөө өргөжүүлэх оюун санааны орон зайг өгч байдаг. Байгаль энэ хатуу бүрхүүл дотроос түүний хамгийн их энхрийлж хайрладаг үр хөврөл болох “чөлөөтэй сэтгэх хандлага ба хүсэл эрмэлзлэл” – ийг гаргаж ирснээр энэ нь аажмаар хүмүүсийн зан чанарт нөлөөлж, улмаар тэд аажмаар чөлөөтэй хөдлөх чадвартай болно; эцэстэээнэ нь засгийн газрыг одоо машин байхаа больсон хүмүүстэй нэр төрд нь нийцүүлэн харьцах нь ашигтай гэж үзэхэд хүргэн, зарчмуудад нь нөлөөлнө.

 


Эх үүсвэр: 

Source of English translation: Immanuel Kant, “What is Enlightenment?,’” in Immanuel Kant, On History, edited, with an introduction by Lewis White Beck. Translated by Lewis White Beck, Robert E. Anchor, and Emil L. Fackenheim. Indianapolis: Bobbs-Merrill, 1963, pp. 3-10.

Source of original German text: Immanuel Kant, Schriften zur Anthrophologie Geschichtsphilosophie Politik und Pädagogik [Writings on Anthropology, Philosophy of History, and Pedagogy]. Darmstadt: Wissenschaftliche Buchgesellschaft, 1964, pp. 53-61.

 

 

 



[1] Энэхүү эсээг англиас орчуулахдаа судлаач Д.Ганхуягийн орчуулсан хувилбарыг харьцуулж харсан. Тухайн хувилбарыг дараах холбоосоос уншиж болно. https://ganaa.mn/2015/10/09/ibhagtsghtf/

[2] Conscience гэдгийг ухамсар гэж орчуулав.

[3] Community гэдгийг нийгэмлэг гэж орчуулав.

Comments

Popular posts from this blog

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,