Skip to main content

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов?

Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байсан, амь зуулга нь юун дээр тогтож байсан, хэрхэн ялж, бас хэрхэн ялагдаж явсан, үнэт зүйлс нь юу байв зэрэг мэдээлэл дутмаг байх шиг санагддаг.

Өнөөгийн удирдлагууд, улс төрийн гол намуудад итгэл алдарч, нэг хүчирхэг удирдагчтай байх нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч олширчээ. Мэдээж Чингис хаанаа санагалзан, тийм хүнээр удирдуулвал улс орон маань хөгжиж, хүчирхэгжинэ гэж санаснаас тэр биз. Гэвч асуудлын гол, амжилтын нууц нь хувь хүнээсээ илүүтэй түүний бий болгосон тогтолцоонд байсан болов уу. Чингис хааны тухай ном зохиол, кино, нэвтрүүлэгт дахин дахин дурьдагддаг хоёр зүйл бол хуулийн засаглал, урамшууллын шударга тогтолцоо юм.

Чингис хаан хүмүүсийн гол гол харилцааг зохицуулах хууль гаргаж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлж байжээ. F. Hayek нэгэнтээ бусад хүмүүсийн үйл хөдлөлийг зөв таамаглах боломж олгодогт хууль, дүрмийн ач холбогдол оршдог гэж хэлсэн. Хууль тогтвортой бөгөөд хуулийн өмнө бүгд тэгш байснаар хуулийн засаглал дор эзэн хаан хүртэл дур зоргоороо авирлан хувь хүмүүсийн хүчин чармайлтыг үр дүнгүй болгохоос хамгаалж чаджээ.

Харин өнөөгийн Монголд, хүмүүсийн, эдийн засгийн харилцааг нэгбүрчлэн зохицуулах гэж оролдож, хуулиуд нь гарсан даруйдаа өөрчлөгдөж, хэрэгжилт нь хангалтгүй байна. Сүүлийн үед эрх баригч нам солигдох бүрт хуулиуд өөрчлөгддөг болох шинжтэй.

Чингис хаан мэдлэг, чадвартай, шударга ардтай байхыг хүсч байсан бөгөөд түүнд тохирсон шударга урамшууллын тогтолцоог бий болгосон байна. Эдийн засгийн ухаанд үүнийг “урамшуулал ажилладаг” гэдэг. Тэрээр “үл харгис, үнэнч шударга, цэгц журамтай эрдэм гүн, билэг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндлэх хэрэгтэй бөгөөд зусар бялдууч, элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах ёстой”[1] хэмээн хуульчилж, хэрэгжүүлж байжээ.

Харин өнөөгийн Монголд хэн илүүг шалгаруулах гэж эрмэлзэхийн оронд танилдаа тал засах,  тааруухнаа гомдоохгүй гэж хойшоо уралдсаар байхад бид яаж өсч, дэвжих билээ. Үүний улмаас, шалгарсан, дэвшсэн нэгнээ хүндэтгэх, бахархахын оронд хардаж, доромж үзэх нь элбэг. Хэрэв хэн илүү бүтээмжтэйг, хэн илүү хариуцлагатайг урамшуулдаг шударга тогтолцоотой байсан бол олон олон залуучууд “цүнх баригч” болохын оронд мэдлэг, чадвараа нэмэхийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, өөр хоорондоо уралдан завгүй байх байсан. Түүнчлэн, түүнээс олон тооны залуучууд сурах ч үгүй, ажиллах ч үгүй, мэдлэг чадвартаа анхаарах ч үгүй хойш суун хойргошихгүй байсан болов уу.






[1] https://mn.wikipedia.org/wiki/Их_Засаг

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,