Skip to main content

Халлоуин


Охин маань ойрын хэдэн өдөр ярьж догдолж байгаа цорын ганц сэдэв нь Халлоуин юм. Ямар дүрд хувирах, хэдэн айлаар явах, хэр их чихэр цуглуулах, хэдэн айл чихэр өгөх бол гээд л … Халлоуин тойрсон энэ ярианаас энэхүү тэмдэглэлийг бичих санаа төрлөө. Учир нь Халлоуин бол Монголчууд бид өөр хоорондоо хамгийн их санал зөрдөг баяр юм. Миний хувьд аливаа баярт дуртайн нэг адилаар Халлоуинд ч бас дуртай. Халлоуины баярт дуртай байх хэдэн энгийн шалтгаан надад бий.

Нэгдүгээрт, Халлоуин олон хүүхдийг баярлуулах боломж олгодог. Өөрийнхөө хэрээр өөрчлөгдөж, өхөөрдмөөр хөөрхөн дүртэй, эсвэл айдас төрөм дүртэй болсон хүүхдүүдэд дуртай чихэр, амттанг нь өгч баярласан царайг нь харах үнэхээр сайхан байдаг. Ялангуяа, Монголд цөөхөн айлууд тэмдэглэдэг болохоор зориг гаргаж хаалга тогшоод, айдас, болгоомжлолтойгоор чихэр өгөх үү гэж асууж байгаа царай нь чихэр хараад баяр, талархлаар гэрэлтэхийг харах үнэхээр сайхан байдаг.

Хоёрдугаарт, “томчуудад” нэг өдөр хүүхэд шиг аашлах боломж олгодог. Хүүхдүүд Халлоуинд дуртай байх нь аргагүй. Өөрсдийн дуртай үлгэрийн баатрын дүрд хувиран гадуур явж, бас томчуудыг айлгах боломж олгодог болохоор арга ч үгүй биз. Харин энэ баяр томчууд бидэнд ч гэсэн баг өмсч, дуртай дүрдээ орон, хүүхэд зан гаргаж, гэнэн үйлдэл хийх сайхан далим өгдөг. Нөгөө талаар Халлоуин хүүхдүүдэд айдастайгаа нүүр тулж, даван туулах дасгал болдог байх. Ном зохиол, үлгэр домог, кинонд гардаг аймшигт дүрүүдэд өөрөө хувирах, хувираад явж байгаа өөр хүнийг дэргэдээс нь харж, тэдэнтэй харьцсанаар дотоод айдас нь дарагдана.

Гуравдугаарт, намар дуусч, өвөл эхлэх гээд хүйтэн зэврүүн байдаг энэ өдрүүдэд шинэ жилийн баяраас өмнө өвлийн хүйтэн өдрүүдийг бодолгүй, сэтгэлээ сэргээж баярын уур амьсгалтай хэдэн өдрийг өнгөрүүлэх сайхан. Дээр нь Халлоуины бэлэг тэмдэг болох улбар шаргал өнгө намрын налгар өдрүүдийг сануулдаг болохоор сэтгэлд дулаахан байдаг.

Мэргэжлийн үүднээс харвал Халлоуин намар өвлийн зааг дээрх нам жим өдрүүдэд нийт эрэлтийг дэмжиж, баг, чихэр, лаа гэх мэт олон бүтээгдэхүүнийг Халлоуины сэдэвтэй үйлдвэрлэн орлогоо нэмэгдүүлэх боломжийг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг хүмүүст өгдөг.

Танд Халлоуины баярын мэнд хүргэе!








Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,