Skip to main content

Дуугарах ёстой санагдаад...


Өчигдөр МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгаар ТЕГ, Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран мах экспортлогч компаниудын агуулахад гэнэтийн шалгалт хийж байгаа талаарх мэдээ үзээд үнэхээр цочирдлоо. Мэдээгээр цэргийн иж бүрэн хувцасласан (хуяг, дуулгатай) хүмүүс нэг хаалгыг эвдэж орсны дараа сэтгүүлч бүсгүй хэдэн өлгөөтэй махны өмнө зогсоод албаны бололтой хүнээс ярилцлага авав. Албаны хүний ярианаас “мах бол стратегийн бүтээгдэхүүн” гэснээс өөр зүйл ойлгосонгүй. Өнөөх сэтгүүлч бүсгүй “Хятадын хөрөнгө оруулалттай компаний мах агуулах өрөө ийм л байна” гэв. Өөрсдийн хөрөнгөөр мах худалдаж аван нөөцөлж, мах экспортлох зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын агуулахад дээрх төсвийн байгууллагууд ямар үндэслэлээр гэнэтийн шалгалт хийгээд, ямар үр дүнд хүрсэн талаар огт тайлбарласангүй.

Мэдээг нэвтрүүлж байгаа МҮОНТ-ийг төрийн алив болохгүй үйлдлийн талаар үнэн бодит мэдээллийг улс төрийн нөлөөлөл, хэн нэгнээс хараат бусаар иргэдэд хүргэж, үндэслэл, шалтгааныг асууж тодруул хэмээн татвар төлөгчид бид санхүүжүүлдэг гэж би ойлгодог. Гэтэл мэдээ бүхэлдээ хувийн өмчид халдсан энэхүү дээрэнгүй, бусармаг үйлдлийг зөвтгөсөн, хөхиүлэн дэмжсэн байр суурьтай байсанд сэтгэл ихэд гонсойлоо.

Энэ мэдээнээс үзэхэд хувь хүний үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд төр ямар ч үндэслэлгүй, дураараа халдахад “стратегийн бүтээгдэхүүн” гэдэг хоёр үг л хангалттай бололтой. Ингэж бодохоор сэтгэл сэрхийж айдас төрөн Германы номлогч Martin Niemöller-ийн нацизмын талаар хэлсэн “Тэд эхлээд социалистуудыг баривчлахад би дуугарсангүй, учир нь би социалист биш байв, тэд дараа нь үйлдвэрчний эвлэлийнхнийг баривчлахад би дуугарсангүй, учир нь би гишүүн биш байв, дараа нь тэд еврей нарыг баривчлахад би дуугарсангүй, учир нь би еврей биш байв. Харин дараа нь намайг баривчлахад миний төлөө дуугарах хэн ч үлдээгүй байв” гэсэн үг санаанд орлоо. Ингээд дуугарах хэрэгтэй санагдан энэхүү блогоо бичлээ. Учир нь өнөөдөр эдгээр хувийн компаний агуулахад дураараа халдаж байгаа төр маргааш “хэтэрхий их стратегийн бүтээгдэхүүн идлээ” хэмээн надад халдаж “хөргөгчийг минь” шалгахгүй гэх баталгаа байхгүй.


Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,