Skip to main content

Бодрол

Өнгөрсөн хавар хичээлдээ унасан нэг оюутны хамаатан садангууд ирж багштай нь уулзаж байгаатай таарсан юм. Нилээд бухимдсан хоёр эрхэм орж ирэн багшаас яагаад унасан талаар тайлбар шаардав. Багш ч дүн гаргасан материалуудаа үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа өнөөх хоёр нилээд санаа нь зовнингуй буруугаа хүлээн, оюутныг зэмлэж байв. Багшаас та дүнгээ засаад өгч болохгүй юу? Өнөө цагт шударга хэн байгаа юм бэ? Та шударга зан гаргалаа гээд ямар хэрэгтэй юм бэ гэцгээж байгаа нь чих дэлслээ. Тэд "алга болсон" гээд байгаа “шударгатайгаа” нүүр тулаад, үгүй хийх гэж оролдож байгаагаа өөрсдөө анзаарсан бол уу. Гэхдээ гарахдаа нэгийг бодож итгэл өвөрлөн гарсан байх гэж найднам.

Ингээд энэ талаар нилээд бодлоо. Шударга байдал, бусдыг хайрлах сэтгэл, эр зориг энэ бүгдийг бид эргэн тойрноосоо хайгаад байна. Тэгээд байхгүй гэдэгт итгэчихээд заримдаа нүдэн дээр чинь байхад анзаарахгүй, анзаарсан ч заавал нэг хар хорон бодлоор үгүйсгэдэг болжээ. Ингээд эцэст нь эргэн тойрны хүмүүст эдгээр чанар алга гэсэн бодлоор өөрийн шударга бус үйлдлээ зөвтгөнө. Гэтэл эдгээр үнэт зүйлс бусад хүмүүст байх, байхгүй нь чухал биш, харин өөрт байна уу гэдэг нь л чухал юм. Кантын хэлснээр “хүн бүр эрхэм чанартай (үнэт зүйлстэй)” бөгөөд таны дотор хаа нэг газар заавал байгаа, олдохгүй байгаа бол тоосонд булаатай, дарагдаад байж л байгаа.

Хүн бүр эдгээр үнэт зүйлсийг өөртөө агуулан төрдөг. Тийм ч болохоор хүн бүрийн дотор бурхан бий гэдэг байх. Хүн бүр төрөхдөө шударга, энэрэнгүй, эр зоригтой байдагт эргэлзэж байвал нялх үрсийг хараарай. Харин хүн төрөхөөс заяасан гайхалтай сайхан үнэт зүйлсээ “дотооддоо гээхийн” хирээр тэр орон зайгаа энэ хорвоогийн хэрэгтэй хэрэггүй эд юмсаар нөхөх гэж дэмий л оролддог. Хүний дотоод үнэт зүйлс хүний оршихуйн үндэс бөгөөд сэтгэлийн дотоод хязгааргүй амар амгалан, баяр хөөрийг авчирдаг гэдэг. Харин түүнийг энэ хорвоогийн эд материалаар нөхөх боломж үгүй юм.

Эрээнтэй, бараантай энэ хорвоод буугаад мордохын цагт  таны мөн чанар, дурсамжаас өөр таны гэх юм юусан билээ. Хүн болж мэндлэхдээ өөрт заяасан хүмүний үнэт зүйлсээ гээчихэлгүй буцах л төрөхөөс үхэхийн хооронд хийх аяллын хүнд нь юм уу. Иймд үнэт зүйлсээ өөр дотроосоо тэмтчин хайхаас өөр гарц үгүй. Шударга, үнэн, энэрэнгүй, нигүүлсэнгүйг өөрөөсөө хайя. 

Comments

Popular posts from this blog

ИРЭХ ОНД ЯАЖ БАЯЖИХ ВЭ?

Ингэвэл мөнгөтэй болно, тэгвэл бурзайна, баяжина гэх яриа, лекц, пост, имэйл, мессеж харагдах нь элбэг. Агуулгыг нь харахаар ажил хийнэ гэсэн үг хаана нь ч байхгүй. Гэтэл олон хүн итгээд, оролцоод, тараагаад байгааг бодоход ортой ч юм болов уу? Хэрэв ортой бол эдгээр хялбар аргаар олох орлого хаанаас бий болох вэ? Тун сонирхолтой асуулт. Учир нь эдийн засагт “үнэгүй хоол” байдаггүй.
Жишээ нь бүгдээрээ “Мөнгөтэй болох ном уншуулаад, арга чарга хэрэглээд” орлоготой болохоо хүлээгээд “зүгээр суувал” лав бүгд өлсөж үхэх байх. Айл өрх ном уншуулаад, хэн нь ч ажил хийхгүй бол бүгдээрээ өлсөж, даарахтай адилхан улсаараа зүгээр суувал идэх хоолгүй, өлсөж даарах л болно. Тэгэхээр “мөнгөтэй болгох хялбар арга” хэрэглэснээр улсын нийт орлого лав өсөхгүй байх. Учир нь эдгээр арга хэрэглэсэн зарим хүмүүс аргандаа найдаад биеийн амар харж, амардаг болвол эдийн засагт бий болох нийт орлого лав өсөхгүй, төдийгүй өмнөхөөсөө буурч мэдэх юм.
Ингээд бодохоор өмнөхөөсөө өсч, нэмэгдээгүй, магадгүй багассан …

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов?
Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байсан, амь зу…