Skip to main content

Итгэлцэл ба эдийн засаг

Итгэлцэл алга хэмээн халаглах хүн олон. Арга ч үгүй биз. Аливаа хамтын ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр итгэлцэл агуулдаг бөгөөд эдийн засгийн тогтолцоо итгэлцэлгүйгээр үр ашигтай ажиллаж чадахгүй.
Хэн нэгэнд, эсвэл ямар нэг юманд итгэх итгэл гэж бий. Тухайлбал, хэн нэгэнд (субьектэд) итгэх итгэл нь өөртөө итгэх итгэл, хамтрагчдаа итгэх итгэл, төрд итгэх итгэл зэрэг байхад, юманд (обьектод) итгэх итгэлийн жишээ нь бүтээгдэхүүнд итгэх итгэл, тураах хөтөлбөрт итгэх итгэлээс авахуулаад шашинд итгэх итгэл, төрийн бодлогод итгэх итгэл зэрэг юм. Итгэлцэл гэдэг нь харилцан бие биедээ итгэнэ гэсэн утгатай тул субьектүүдийн хооронд л үүснэ. Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд итгэх итгэл “байна” эсвэл “байхгүй”. Итгэл байгаа бол эргэлзээ байхгүй. Итгэлд зэрэглэл байхгүй. Бага зэрэг итгэж байна, бараг итгэж байна гэдэг нь “эргэлзээ их байна”, “эргэлзээ бага байна” гэсэн утгатай. Мөн “Итгэл үзүүлэх” гэдэг нь “итгэл байгаа” гэсэн баталгаа болохгүй. Та хэн нэгэнд таны итгэлийг олох боломж олгох гэж “итгэл үзүүлж” болно. Энэ нь та нөгөө тал итгэл даагаагүйгээс гарах зардал, эрсдлийг үүрэхэд бэлэн байна гэсэн үг.

Жорж Макдоналд нэгэнтээ “Итгэл хүлээх нь хайрлуулахаас ч илүү магтаал, хүндэтгэл” гэж хэлсэн байдаг. ХЭН НЭГНИЙ ИТГЭЛ БОЛ ТАНД ҮЗҮҮЛЖ БУЙ ХАМГИЙН ДЭЭД ХҮНДЭТГЭЛ ЮМ. Итгэл нь бий болж, бас алга болж болно. Тиймээс ч “итгэл алдах”, “итгэл олох” гэдэг ойлголтууд байдаг. Итгэлийг алдах амархан, олох хэцүү гэдэг. Яагаад итгэл олох хэцүү вэ? Итгэлийг гуйж, шаардаж, тушааж, эсвэл хүсч бий болгохгүй. Итгэл хүний дотор амьдарлын туршлагаас нь аяндаа бий болж, эсвэл үгүй болж байдаг. Заримдаа хэн нэгэнд итгэхийг хичнээн их хүсэвч, болдоггүй. Хэн нэгэнд итгэнэ энэ тэр гэж бодоо ч үгүй мөртлөө нэг мэдэхэд итгэлтэй болсон байх нь ч бий. Хайрладаг ч итгэдэггүй мөртөө, дургүй ч итгэдэг байх нь бий. Фредрих Ницше “Чамайг надад худал хэлсэнд би гутраагүй, харин үүнээс хойш чамд итгэж чадахгүй болсондоо гутарч байна” гэсэн нь ийм учиртай. Хэрэв итгэл хүссэнээр бий болдогсон бол хүн бүр өөртөө итгэлтэй байхсан. Гэтэл өөртөө итгэх итгэл хүртэл тухайн хүний амьдарлын туршлагаас бий болдог болохоор л өөртөө итгэлгүй байх тухай ойлголт байдаг. Хоосон үг, амлалт, тайлбар итгэлийг бий болгохгүй. Итгэл олох цорын ганц арга нь үйлдэл юм. Итгэл шударга, тууштай, хариуцлагатай байхыг шаардана. Итгэл зөвхөн үнэнээс бий болно. Худал хуурмагт үндэслэсэн итгэл үгүй болох нь цаг хугацааны л асуудал. Үнэн бол үнэн л байдаг, үнэнд юу ч зарцуулах хэрэггүй. Харин худал, хуурмагт будаг шунх, байнгын арчилгаа, зардал хэрэгтэй. Жаахан анзаарга алдахад л “худал” “үнэнд” байраа тавьж өгнө. Иймд хүмүүсийг хуурч, мэхлэн, худлаа ярьж байгаа хүмүүс ийм зардалтай сонголт хийж байгаа нь бусдыг хуурч мэхэлснээс олох ашиг нь зардлаасаа давж байна гэж үзэж байгаа хэрэг. “Би худлаа яриад улсад ямар хохирол авчраа вэ?” гэж улсын их хурлын нэгэн гишүүн асуусан байна. Харин би түүнээс “Худлаа ярьснаасаа та ямар ашиг олсон бэ?” гэж асуумаар байна.

Эдийн засагчид итгэлцлийн талаар олон тооны судалгаа хийсэн байдаг. Тухайлбал, Нобелийн шагналт эдийн засагч Arrow (1972) эдийн засгийн хоцрогдлыг итгэлцлийн түвшингээр тайлбарлах боломжтой гэж үзжээ[1]. Итгэлцлийн эдийн засагт үзүүлэх нөлөөг тоогоор хэмжсэн судалгаанууд ч байдаг. Algan, Cahuc нар (2010) итгэлцэл нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй болохыг тоон шинжилгээгээр нотолсон.[2] Тэдний судалгаагаар хэрэв өвлөн авсан итгэлийн түвшин нь Шведтэй адил байсан бол Орос, Унгар, Польш улсын нэг хүнд ногдох ДНБ нь одоогийн түвшингээсээ 168%, 82%, 78%-иар тус тус өндөр байх байжээ. Ингээд бодохоор итгэл бол орлого нэмэгдүүлэх хүчин зүйл, эдийн засгийн нэн чухал нөөц юм.

Улсын хөгжил итгэлцлээс ингэж хамаардаг юм бол итгэлцлийг хэрхэн бий болгох вэ? Өнгөрсөн жилийн Эдийн засгийн форумын “Итгэлцэл” гэсэн сэдэв их анхаарал татаж билээ. Итгэлцэл чухал гэдгийг төр засгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байсан нь сайшаалтай ч, итгэлцлийг сайжруулцгаая хэмээн уриалж байсан нь итгэлцлийн мөн чанарыг ойлгохгүй байна уу даа гэх сэтгэгдэл төрүүлж байсан юм. Учир нь итгэл хоосон үг, уриа лоозонгоос бий болдоггүй болохоор бие биедээ итгэцгээе, итгэлцэл бий болгоцгооё гэж уриалах үр дүнгүй. Харин итгэл олохын төлөө, нэгэнт олсон итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажиллах нь итгэл бий болох үндэс юм. Монголчууд “хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав бол” гэж ярьдаг. Төр, төрийн түшээд энэ зарчмаар ажиллаад эхэлвэл төрд итгэх итгэл аяндаа дээшилнэ. Харин хоосон яриа, амлалт, уриалга, худал хуурмаг мэдээлэл итгэлийг үгүй хийх болно. “Худал үнэнд гүйцэгдэх нь цаг хугацааны л асуудал” бөгөөд итгэл худал хуурмаг хоёр зэрэгцэн орших боломжгүй.



[1] Arrow, Kenneth J. 1972. “Gifts and Exchanges.” Philosophy and Public Affairs, 1(4): 343–62.
[2] Algan, Yann, and Pierre Cahuc. "Inherited trust and growth." The American Economic Review (2010): 2060-2092.

Comments

Popular posts from this blog

Кант, “Гэгээрэл гэж юу вэ?” (1784)

Орчин үеийн философийг үндэслэгчдийн нэг Иммануэл Кант  (Immanuel Kant) -ийн “Гэгээрэл гэж юу вэ?” нэртэй алдартай эсээний англи орчуулгыг уншаад надад маш гүнзгий сэтгэгдэл төрж билээ. Эсээг илүү сайн ойлгох, мөн уншсанаа бусадтай хуваалцах үүднээс эх хэлрүүгээ орчуулах оролдлого хийсэн юмаа. Та бүхэн хараад сайжруулах санал, орчуулгын алдаа мадаг байвал комментоор өгөөрэй . [1]   Гэгээрэл гэж юу вэ? Гэгээрэл гэдэг бол хүн өөртөө бий болгосон балчир байдлаас аа  гарахыг хэлнэ. Балчир байдал гэдэг нь бусдын удирдлага, чиглэлгүйгээр өөрийн оюун ухааныг ашиглах чадваргүй байдал юм. Өөрийгөө балчир болгодог шалтгаан нь оюун ухаан дутсанд бус харин оюун ухаанаа бусдын заавар, чиглэлгүй ашиглах шийдэмгий зан, эр зориг дутсанд байдаг.  Sapere aude!     [Танин мэдэх зоригтой бай!]   “Өөрийн оюун ухаанаа ашиглах эр зоригтой бай!”-энэ бол гэгээрлийн уриа. Залхуу, хулчгар байдал нь хүн төрөлхтний дийлэнх хэсэг, байгаль тэднийг аль хэдийн хөндлөнгийн  удирдлагаас чөлөөлчхөөд байхад ч  (naturalite

МОНГОЛЫН БАХАРХЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Чингис хааны төрсөн өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч чадахгүй хөгжил дорой улс болов? Өнөөдөр манай улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй, харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй, дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг. Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байс

Хүн бүр адилгүй нь сайхан

Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм. Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог,