Монгол авлига ихтэй улс. 2020 оны байдлаар авлигын индексээр 111-д жагсаж байна.[1] Авлига буюу төрийн өмчийн хулгай, төрийн албыг завхруулан хувийн ашиг сонирхолд ашигладаг луйварт холбогдоогүй төрийн өндөр албан тушаалтан үгүй бололтой.
Өмнөх ерөнхийлөгч Х.Баттулга одоогийн парламентад хэлсэн үгэндээ “тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна...2016 оны парламент ч ийм байсан”[2] гэж хэлснийг сонсоод үнэхээр цочирдож билээ. Хэрэв хэн нэгэн хэвлэл мэдээллээр танай байгууллага, танай компаний талаас илүү нь гэмт хэрэгтэн гэж хэлвэл надад туйлийн доромжлол мэт санагдан нэрээ цэвэрлэх гэж эцэст нь хүртэл хөөцөлдөх байсан. Харин энэ мэдэгдлийг парламент ч, төрийн байгууллагууд ч тоосон шинжгүй өнгөрсөн.
Ер нь сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллээр нэг нэгнээ хулгайч, луйварчин гэж зарлан би бага идсэн, чи их идсэн гэж дуулиан шуугиан тарих нь элбэг боллоо. Ийм мэдээ олон нийтийг нэг хэсэг шуугиулаад замхардаг, нөгөө дуулиантай хэрэгт холбогдсон нэгэн төд удалгүй өөр нэг өндөр албан тушаалд хээв нэг томилогддог жишиг тогтчихлоо. Эцсийн үр дүнд нь хүмүүс хий дэмий бухимдан хоорондоо тэр сайд чинь хулгайч, энэ гишүүн чинь луйварчин гэж ярьцгаана. Уг нь төрийн албыг гэмт хэрэг хийсэн байтугай нэр холбогдсон нэгэн ч хаших ёсгүй.
Шударга нэгэнд төрийн алба хаших хэцүү, болих хэцүү байх шиг. Учир нь алба хашсан болгон ямар нэгэн гэмт хэрэгтэн гэсэн ойлголт газар авч байна. Гэтэл төрийн албанд ажиллагсдын ихэнх нь шударгаар хөдөлмөрлөн, мэдлэг чадвараа ахиулж, ажил албандаа ахиц дэвшил авчрах гэсэн энгийн л нэг хүмүүс байдаг. Өндөр албан тушаалтнуудын үнэн худал нь мэдэгдэхгүй хэл ам, хэрүүлийн улмаас төрийн нэр хүнд унаж байгаа нь эдгээр мянга мянган хүмүүсийн урам зоригийг мохоож байгаа бол уу.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, шударга нийгэмд хэрэг хийсэн бол шийтгүүлдэг, гүтгүүлсэн бол цагааддаг байх ёстой. Гэтэл яагаад манайд энэ үйлчлэхгүй байна вэ? Хэвлэл мэдээллээр шуугиан тарьсан асуудлууд яагаад замхраад байна вэ? Магадгүй нэг шалтгаан нь сэтгүүлчид, иргэд “Юу хэлэв?” “Хэлсэн зүйл нь үнэн үү?” гэдгээс илүү “Хэн үүнийг хэлэв? Яагаад үүнийг хэлэв?” гэдэгт анхаардагаас болдог юм уу. Хэрэв эхний хоёр асуултад туйлбартай анхаарал тавьж, хариуцлага шаарддагсан бол өнөөдөр дуулиант хэрэгт нэр холбогдсон өндөр албан тушаалтнуудын хэрэг үйлдсэн нэг нь шийтгүүлж, үйлдээгүй нэг нь нэр цагаадан “хулгайч, луйварчин” гэж хэлүүлэхгүй байхсан.
Харин бид “Хэн хэлэв? Яах гэж хэлэв?” гэдэгт анхаарснаар хэрэг замхрах, хэрэгтэн байх нь хэвийн байх жишиг тогтоод байх шиг. Хэн, яагаад хэлэх нь бидэнд чухал гэж үү. Харин юу хэлэв, хэлсэн зүйл нь үнэн үү, хэлсэн ярьсан зүйлдээ хариуцлагаа хүлээх үү гэдэг нь чухал биш үү.
Comments
Post a Comment