Би мөр нэгт Монгол хүмүүсээ хараад гайхаж бахаддаг. Бид цөөхүүлээ ч, үзэл бодол, шашин шүтлэг, итгэл үнэмшлийн ялгаатай байдлаараа ямар ч том улсаас дутахгүй. Монголчуудаа төсөөлөхөөр дэлхий ертөнцөд байдаг бүхий л өнгийг шингээсэн гайхалтай үзэсгэлэнтэй солонго шиг санагддаг. Ингэж бодохоор цөөхөн хүн амтай нэг жижиг улсад амьдарч байгаа биш, харин амьдралыг таньж мэдэх боломж дүүрэн энэ ертөнцийн бүхий л өнгө төрхийг агуулсан гайхамшигт хүмүүстэй хамт амьдарч байна гэж бодогддог юм.
Үзэл бодол зөрүүтэй байх заримдаа амаргүй санагддаг. Ах дүүс, хамаатан садан, найз нөхөдтэйгөө шударга ёс, шашин шүтлэг, Монгол хүний мөн чанар гээд л өргөн сэдвээр маргаж тэс өөр үзэл бодол, итгэл үнэмшил илэрхийлэн, надад маш ойлгомжтой миний өнцгийг харахгүй байгаад нь бухимдана. Гэхдээ энэ л хүмүүс миний амьдралыг баян болгож, энэ л хүмүүс надад амьдралын олон талыг таниулж байгаа гэдгийг ухаарахаараа талархах сэтгэл төрдөг юм. Үнэндээ Монгол Улсын гурван сая хүн яг над шиг харагддаг, над шиг боддог, ер нь яг миний хуулбар шиг байвал энэ улс хэчнээн уйтгартай, сонирхолгүй байх болоо.
Байгалиасаа бид таашаал, сонирхол, авьяас, чадвар, хүсэл эрмэлзлээрээ өөр хоорондоо адилгүй. Өвөг дээдэс маань үүнийг хүн бүр адилгүй, хүлэг бүр жороогүй хэмээн товч, тодорхой илэрхийлсэн байдаг. Мэдээж хувь хүний итгэл үнэмшил, таашаал сонирхолтой холбоотой асуудал дээр хүн бүр санал нийлэх боломжгүй. Жишээ нь хойд нас байдаг эсэх эсвэл байцайтай хуурга хамгийн амттай хоол эсэх дээр бид бүгд санал нэгдэхгүй л бол уу. Өөрөөр хэлбэл, зарим сэдвээр бид хэчнээн ч маргаад шийдэлд хүрэхгүй. Ийм сэдвүүдээр нэг нэгнээ сонсож, хүн хэмээх гайхамшигт оршихуйн олон өнгө төрх, цар хүрээг бишрэх л юм бол уу.
Харин бидний амьдралд чухал зарим асуудал дээр бид мэргэжилтнүүдэд хандан маргаанаа таслах боломжтой. Жишээлбэл, цалингийн бус орлого ажил хийх шийдвэрт нөлөөлдөг эсэх, мөнгөний нийлүүлэлт инфляцад нөлөөлдөг эсэх, шатахууны үнэ өсдөг ч, буурдаггүй нь энэ зах зээлд төрийн зохицуулалт их байгаагаас болдог эсэх зэрэг олон чухал асуултад эдийн засагчид судлаад хариу өгөх боломжтой.
Comments
Post a Comment