Чингис хааны төрсөн
өдөр бөгөөд Монголын бахархлын өдөр. Энэ өдөр манай улсын түүхэнд нэгэн агуу
хүн төрж, Монголын төдийгүй дэлхийн түүхийг бичилцсэн билээ. Монгол хүний хувьд
түүхээрээ, агуу их хаанаараа, өвөг дээдсээрээ бахархахын зэрэгцээ өнөөгийн
Монгол Улс, хамтдаа оршин буй Монголчууд бас өөрийнхөө тухай эргэцүүлэн сууна. Тэр
үед юуг зөв хийгээд Монгол Улс дэлхийг байлдан дагуулсан, хамгийн хүчирхэг улс
байв, өнөөдөр юуг буруу хийгээд Монгол Улс бусдын дэмжлэггүй биеэ даагаад явж ч
чадахгүй хөгжил дорой улс болов?
Өнөөдөр манай
улсын эдийн засаг нь уналттай, өрийн дарамттай, бага орлого, өндөр ажилгүйдэлтэй,
харин хүмүүс нь гайхширсан, айж түгшсэн бас горьдож найдсан байдалтай байна. Магадгүй,
дээрх асуултыг асуух, эргэцүүлэхэд тохиромжтой цаг үе ч байж мэдэх юм. Багаасаа
үзсэн түүхийн хичээлүүдийг эргээд санахаар хэн, хэзээ, хэдэн улс байлдан
дагуулав, эсвэл ялсан уу, ялагдсан уу гэдэг талаар л мэдээллүүд байсан шиг.
Харин бидэнд тэр үед Монголчууд хэрхэн амьдарч байсан, амь зуулга нь юун дээр
тогтож байсан, хэрхэн ялж, бас хэрхэн ялагдаж явсан, үнэт зүйлс нь юу байв
зэрэг мэдээлэл дутмаг байх шиг санагддаг.
Өнөөгийн
удирдлагууд, улс төрийн гол намуудад итгэл алдарч, нэг хүчирхэг
удирдагчтай байх нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч олширчээ. Мэдээж Чингис хаанаа
санагалзан, тийм хүнээр удирдуулвал улс орон маань хөгжиж, хүчирхэгжинэ гэж
санаснаас тэр биз. Гэвч асуудлын гол, амжилтын нууц нь хувь хүнээсээ илүүтэй
түүний бий болгосон тогтолцоонд байсан болов уу. Чингис хааны тухай ном зохиол,
кино, нэвтрүүлэгт дахин дахин дурьдагддаг хоёр зүйл бол хуулийн засаглал, урамшууллын
шударга тогтолцоо юм.
Чингис хаан хүмүүсийн
гол гол харилцааг зохицуулах хууль гаргаж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлж
байжээ. F. Hayek нэгэнтээ бусад хүмүүсийн үйл хөдлөлийг зөв таамаглах боломж
олгодогт хууль, дүрмийн ач холбогдол оршдог гэж хэлсэн. Хууль тогтвортой бөгөөд
хуулийн өмнө бүгд тэгш байснаар хуулийн засаглал дор эзэн хаан хүртэл дур
зоргоороо авирлан хувь хүмүүсийн хүчин чармайлтыг үр дүнгүй болгохоос хамгаалж
чаджээ.
Харин өнөөгийн
Монголд, хүмүүсийн, эдийн засгийн харилцааг нэгбүрчлэн зохицуулах гэж оролдож, хуулиуд
нь гарсан даруйдаа өөрчлөгдөж, хэрэгжилт нь хангалтгүй байна. Сүүлийн үед эрх
баригч нам солигдох бүрт хуулиуд өөрчлөгддөг болох шинжтэй.
Чингис хаан мэдлэг,
чадвартай, шударга ардтай байхыг хүсч байсан бөгөөд түүнд тохирсон шударга урамшууллын
тогтолцоог бий болгосон байна. Эдийн засгийн ухаанд үүнийг “урамшуулал
ажилладаг” гэдэг. Тэрээр “үл харгис, үнэнч шударга,
цэгц журамтай эрдэм гүн, билэг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндлэх хэрэгтэй
бөгөөд зусар бялдууч, элбэрэл журамгүй этгээдийг жигшин занах ёстой”[1]
хэмээн хуульчилж, хэрэгжүүлж байжээ.
Харин
өнөөгийн Монголд хэн илүүг шалгаруулах гэж эрмэлзэхийн оронд танилдаа тал
засах, тааруухнаа гомдоохгүй гэж хойшоо
уралдсаар байхад бид яаж өсч, дэвжих билээ. Үүний улмаас, шалгарсан, дэвшсэн
нэгнээ хүндэтгэх, бахархахын оронд хардаж, доромж үзэх нь элбэг. Хэрэв хэн илүү
бүтээмжтэйг, хэн илүү хариуцлагатайг урамшуулдаг шударга тогтолцоотой байсан
бол олон олон залуучууд “цүнх баригч” болохын оронд мэдлэг, чадвараа нэмэхийн
төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж, өөр хоорондоо уралдан завгүй байх байсан. Түүнчлэн,
түүнээс олон тооны залуучууд сурах ч үгүй, ажиллах ч үгүй, мэдлэг чадвартаа
анхаарах ч үгүй хойш суун хойргошихгүй байсан болов уу.
Санал нэг байна
ReplyDelete