Саяхан болсон “Хүүхдийн төлөө фонд”-той холбоотой хуримтлал үүсгэх арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй бөгөөд хүссэн иргэн сайн дураар хандив өгөх боломжтой байв. Гэтэл энэ арга хэмжээнд оролцсон төрийн өндөр албан тушаалтнууд олон мянган ажилчдын нэг өдрийн цалингаас бүрдсэн хандив өргөж эсвэл нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргаж байсан нь гайхширал төрүүлж байлаа.
Социализмын үед “нэг
өдрийн цалин”-гаа хандивлахыг уриалж иргэдээс мөнгө татдаг байсан бөгөөд
тэр үеийн захиргаадалтын тогтолцоондоо ч тохирсон арга байсан.[1]
Харин зах зээлийн тогтолцоотой, ардчилсан нийгмийн хандивын аянд ийм уриалга нь
хандив цуглуулах талаасаа ч, хувь хүний өмчлөх эрхийн талаасаа ч зохисгүй юм.
Хувь хүний орлого, цалинг зөвхөн тухайн хувь хүн шийдэж зарцуулдаг бөгөөд өөр хэнд ч өмнөөс нь шийдэх эрх байхгүй. Хандив өгөх эсэх нь хувь хүний өөрийн таашаал сонирхол, орлого, зарлагын тооцооноос гарсан сайн дурын шийдвэр бөгөөд иймдээ ч хандив хэмээн нэрлэгддэг. Зарим иргэн өгөхгүй, зарим иргэн 500 төгрөг, зарим иргэн 10 сая төгрөг хандивлах шийдвэр гаргана. Хүн бүрийн орлого, зарлага, таашаал сонирхол ялгаатай тул хандивын талаарх сайн дурын шийдвэр ч ялгаатай. Нэгэнт сайн дураар гарсан шийдвэр тул дор бүрдээ сэтгэл ханамжтай байдаг.
Цэвэр сайн дурын үндсэн дээр хандив өгөх аяны үед нэг өдрийн цалин гэдэг хязгаарлалт хандивын хэмжээг бууруулдаг тул ашиггүй байдаг. Учир нь хандивын хэмжээг нэг өдрийн цалингаар (сарын цалингийн 5 орчим хувь) тогтоосноор илүү өндөр хандив өгөх хүмүүсийн хандив буурч, бага зэрэг мөнгө хандивлах байсан хүмүүсийн хувьд огт өгөхгүй байсан нь дээр болно. Улмаар хандив өгөх хүмүүсийн тоо улам цөөрч, цугларах хандивын хэмжээ буурдаг.
Харин төрийн удирдах албан тушаалтан хандивын хэмжээнд шууд бусаар нөлөөлөх гэж энэхүү уриалгыг гаргасан бол хандив өгмөөргүй байсан болон багахан хандив өгөх байсан албан хаагчид боломжоосоо илүүг хандивлах болно. Эдгээр албан хаагчдын хувьд энэ нь сайнаар хэлвэл гэнэтийн шинэ татвар, муугаар хэлвэл хувь хүний орлогоо захиран зарцуулах эрхэнд нь бүдүүлгээр халдаж буй хэрэг юм. Ялангуяа цар тахлын үед эдийн засгийн хүнд нөхцөлд ороод буй хүмүүст илүү хүндээр тусч, магадгүй үр хүүхдийнх нь хоол, шинэ жилийн бэлгийг булааж буйгаас ялгаагүй увайгүй үйлдэл болно.
Иймд төрийн удирдах албан тушаалтан хандивын арга хэмжээнд өөр бусдын цалин орлого руу оролгүй өөрийн цалин, орлого, хөрөнгөөсөө хэдийг хандивлаж байгаагаа зарлаад л зогсох нь зүйтэй билээ.
Comments
Post a Comment