Охин маань ойрын хэдэн өдөр ярьж
догдолж байгаа цорын ганц сэдэв нь Халлоуин юм. Ямар дүрд хувирах, хэдэн айлаар
явах, хэр их чихэр цуглуулах, хэдэн айл чихэр өгөх бол гээд л … Халлоуин
тойрсон энэ ярианаас энэхүү тэмдэглэлийг бичих санаа төрлөө. Учир нь Халлоуин
бол Монголчууд бид өөр хоорондоо хамгийн их санал зөрдөг баяр юм. Миний хувьд
аливаа баярт дуртайн нэг адилаар Халлоуинд ч бас дуртай. Халлоуины баярт дуртай
байх хэдэн энгийн шалтгаан надад бий.
Нэгдүгээрт, Халлоуин олон
хүүхдийг баярлуулах боломж олгодог. Өөрийнхөө хэрээр өөрчлөгдөж, өхөөрдмөөр
хөөрхөн дүртэй, эсвэл айдас төрөм дүртэй болсон хүүхдүүдэд дуртай чихэр,
амттанг нь өгч баярласан царайг нь харах үнэхээр сайхан байдаг. Ялангуяа, Монголд
цөөхөн айлууд тэмдэглэдэг болохоор зориг гаргаж хаалга тогшоод, айдас,
болгоомжлолтойгоор чихэр өгөх үү гэж асууж байгаа царай нь чихэр хараад баяр,
талархлаар гэрэлтэхийг харах үнэхээр сайхан байдаг.
Хоёрдугаарт, “томчуудад” нэг өдөр хүүхэд шиг аашлах боломж
олгодог. Хүүхдүүд Халлоуинд дуртай байх нь аргагүй. Өөрсдийн дуртай үлгэрийн
баатрын дүрд хувиран гадуур явж, бас томчуудыг айлгах боломж олгодог болохоор
арга ч үгүй биз. Харин энэ баяр томчууд бидэнд ч гэсэн баг өмсч, дуртай дүрдээ
орон, хүүхэд зан гаргаж, гэнэн үйлдэл хийх сайхан далим өгдөг. Нөгөө талаар
Халлоуин хүүхдүүдэд айдастайгаа нүүр тулж, даван туулах дасгал болдог байх. Ном
зохиол, үлгэр домог, кинонд гардаг аймшигт дүрүүдэд өөрөө хувирах, хувираад явж
байгаа өөр хүнийг дэргэдээс нь харж, тэдэнтэй харьцсанаар дотоод айдас нь
дарагдана.
Гуравдугаарт, намар дуусч, өвөл
эхлэх гээд хүйтэн зэврүүн байдаг энэ өдрүүдэд шинэ жилийн баяраас өмнө өвлийн
хүйтэн өдрүүдийг бодолгүй, сэтгэлээ сэргээж баярын уур амьсгалтай хэдэн өдрийг
өнгөрүүлэх сайхан. Дээр нь Халлоуины бэлэг тэмдэг болох улбар шаргал өнгө
намрын налгар өдрүүдийг сануулдаг болохоор сэтгэлд дулаахан байдаг.
Мэргэжлийн үүднээс харвал Халлоуин намар өвлийн зааг дээрх
нам жим өдрүүдэд нийт эрэлтийг дэмжиж, баг, чихэр, лаа гэх мэт олон бүтээгдэхүүнийг
Халлоуины сэдэвтэй үйлдвэрлэн орлогоо нэмэгдүүлэх боломжийг үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхэлдэг хүмүүст өгдөг.
Танд Халлоуины баярын мэнд
хүргэе!
Comments
Post a Comment