Өчигдөр МҮОНТ-ийн Монголын мэдээ сувгаар ТЕГ, Мэргэжлийн хяналтын
байгууллага хамтран мах экспортлогч компаниудын агуулахад гэнэтийн шалгалт хийж
байгаа талаарх мэдээ үзээд үнэхээр цочирдлоо. Мэдээгээр цэргийн иж бүрэн
хувцасласан (хуяг, дуулгатай) хүмүүс нэг хаалгыг эвдэж орсны дараа сэтгүүлч
бүсгүй хэдэн өлгөөтэй махны өмнө зогсоод албаны бололтой хүнээс ярилцлага авав.
Албаны хүний ярианаас “мах бол стратегийн бүтээгдэхүүн” гэснээс өөр зүйл
ойлгосонгүй. Өнөөх сэтгүүлч бүсгүй “Хятадын хөрөнгө оруулалттай компаний мах агуулах
өрөө ийм л байна” гэв. Өөрсдийн хөрөнгөөр мах худалдаж аван нөөцөлж, мах экспортлох
зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын агуулахад дээрх төсвийн
байгууллагууд ямар үндэслэлээр гэнэтийн шалгалт хийгээд, ямар үр дүнд хүрсэн
талаар огт тайлбарласангүй.
Мэдээг нэвтрүүлж байгаа МҮОНТ-ийг төрийн алив болохгүй үйлдлийн талаар
үнэн бодит мэдээллийг улс төрийн нөлөөлөл, хэн нэгнээс хараат бусаар иргэдэд
хүргэж, үндэслэл, шалтгааныг асууж тодруул хэмээн татвар төлөгчид бид санхүүжүүлдэг
гэж би ойлгодог. Гэтэл мэдээ бүхэлдээ хувийн өмчид халдсан энэхүү дээрэнгүй,
бусармаг үйлдлийг зөвтгөсөн, хөхиүлэн дэмжсэн байр суурьтай байсанд сэтгэл ихэд
гонсойлоо.
Энэ мэдээнээс үзэхэд хувь хүний үндсэн хуулиар хамгаалагдсан
өмчлөх эрхэнд төр ямар ч үндэслэлгүй, дураараа халдахад “стратегийн
бүтээгдэхүүн” гэдэг хоёр үг л хангалттай бололтой. Ингэж бодохоор сэтгэл
сэрхийж айдас төрөн Германы номлогч Martin Niemöller-ийн нацизмын талаар хэлсэн “Тэд эхлээд социалистуудыг
баривчлахад би дуугарсангүй, учир нь би социалист биш байв, тэд дараа нь үйлдвэрчний
эвлэлийнхнийг баривчлахад би дуугарсангүй, учир нь би гишүүн биш байв, дараа нь тэд еврей нарыг баривчлахад би дуугарсангүй, учир нь би еврей биш байв. Харин дараа нь намайг
баривчлахад миний төлөө дуугарах хэн ч үлдээгүй байв” гэсэн үг санаанд орлоо. Ингээд дуугарах хэрэгтэй
санагдан энэхүү блогоо бичлээ. Учир нь өнөөдөр эдгээр хувийн компаний агуулахад
дураараа халдаж байгаа төр маргааш “хэтэрхий их стратегийн бүтээгдэхүүн идлээ”
хэмээн надад халдаж “хөргөгчийг минь” шалгахгүй гэх баталгаа байхгүй.
Comments
Post a Comment