Монголд аливаа асуудлыг төрөөр шийдүүлэх гэж шаарддаг, шахдаг
уламжлал бат бөх оршсоор. Төрд итгэсээр, төсөв мөнгөө томсгосоор. Төрөөс ч “сайхан,
сайхан” санал, санаачлага гарган бидний асуудлыг шийдэхээ амлаж, төсөл хөтөлбөр
боловсруулан тэрбум тэрбумаар нь хөрөнгө мөнгө батлуулна.
Гэхдээ энэ уламжлал өөрчлөгдөх цаг болоогүй юу...
Өнөөдөр УБ хотод гадаах байтугай байшин доторхи ч
харагдахааргүй өтгөн утаа суунаглан байна. Хэдхэн жилийн өмнө УБ хотын агаарын
бохирдлыг арилгах хөтөлбөр боловсруулан төсөв мөнгө хуваарилж байхад энэ “сайхан”
санааг иргэн бүр дэмжиж, утааны асуудал шийдэгдэх нь хэмээн хүлээж байж билээ. Өдгөө
240 тэрбумаар тогтохгүй их хөрөнгө мөнгийг утааг арилгаж, агаарын чанарыг сайжруулахад
зарцуулчихсан, өч төчнөөн үйл ажиллагаа хэрэгжүүлчихсэн гэж байгаа ч 100 метрийн
цаана юу байгаа нь харагдахгүй утаан дунд иргэд бухимдан сууна.
Санаа нь “сайхан” байх нь үр дүнд хүрэх баталгаа болдоггүйн
нэг жишээ энэ ажгуу.
Харин төр засгийн удирдлагууд юу ч болоогүй мэт өнөөх л утааг
бууруулж, ард иргэдийн эрүүл мэндийг сайжруулахаа амлалтаа өгсөөр, төсөв мөнгөө
хуваарилсаар л… Утаагаа яагаад бууруулж чадаагүй болохоо тайлбарлаж, хариуцсан
этгээдүүдтэй хариуцлага тооцох талаар таг дуугүй…
Төр засаг ч яахав байдагаараа: өнөөх л хариуцлагагүй, хоосон
амласан, хөрөнгө мөнгө шаардсан. Харин иргэд итгэсээр, төсөв мөнгийг нь
өсгөсөөр байх уу?
Comments
Post a Comment