Ингэвэл мөнгөтэй
болно, тэгвэл бурзайна, баяжина гэх яриа, лекц, пост, имэйл, мессеж харагдах нь
элбэг. Агуулгыг нь харахаар ажил хийнэ гэсэн үг хаана нь ч байхгүй. Гэтэл олон
хүн итгээд, оролцоод, тараагаад байгааг бодоход ортой ч юм болов уу? Хэрэв
ортой бол эдгээр хялбар аргаар олох орлого хаанаас бий болох вэ? Тун
сонирхолтой асуулт. Учир нь эдийн засагт “үнэгүй хоол” байдаггүй.
Жишээ нь
бүгдээрээ “Мөнгөтэй болох ном уншуулаад, арга чарга хэрэглээд” орлоготой
болохоо хүлээгээд “зүгээр суувал” лав бүгд өлсөж үхэх байх. Айл өрх ном
уншуулаад, хэн нь ч ажил хийхгүй бол бүгдээрээ өлсөж, даарахтай адилхан
улсаараа зүгээр суувал идэх хоолгүй, өлсөж даарах л болно. Тэгэхээр “мөнгөтэй
болгох хялбар арга” хэрэглэснээр улсын нийт орлого лав өсөхгүй байх. Учир нь
эдгээр арга хэрэглэсэн зарим хүмүүс аргандаа найдаад биеийн амар харж, амардаг
болвол эдийн засагт бий болох нийт орлого лав өсөхгүй, төдийгүй өмнөхөөсөө
буурч мэдэх юм.
Ингээд бодохоор
өмнөхөөсөө өсч, нэмэгдээгүй, магадгүй багассан орлогоос л хэн нь илүү хүртэх вэ
гэдэгт эдгээр арга нөлөөлөх нь ээ. Үүнийг орлого дахин хуваарилалт гэдэг. Мөнгө
олох хялбар аргыг хэрэглэсэнээр хэн нэгэн баяжиж байгаа бол тэр орлого нь
хөдөлмөрлөж, бүтээж буй хүний орлогоос хасагдаж байгаа байх нь. Өөрөөр хэлбэл,
“АЖИЛЛАХЫГ НЬ ЧИ АЖИЛЛА, ААХИЛАХЫГ НЬ БИ ААХИЛЪЯ” гэдэг аргууд гэж нэрлэмээр ч
юм уу.
Маргаангүй орлого
өсгөдөг өөр нэг арга бол илүү их, илүү бүтээмжтэй ажиллах юм. Дээрхээс ялгаатай
нь ажил хийж олсон мөнгө бол өөрөө бүтээж бий болгосон орлого. Гутал үйлдвэрлэж
олсон ч бай, гутал засаж олсон ч бай, гутал тосолж олсон ч бай адилхан л хувь
хүний бүтээсэн орлого, ажил хийж олсон мөнгө. Ингээд бодохоор ажил хийж байгаа
хүн бүр үйлдвэрийн эзэн ч бай, үйлчлэгч ч бай, өвлийн хүйтэнд самар аягалан
зардаг нэгэн ч бай ялгаагүй орлого бүтээгчид юм. ХЭНЭЭС Ч ГУЙГААГҮЙ, ӨӨРӨӨ БҮТЭЭСЭН,
ХЭНД Ч “МИНИЙХ” ГЭЖ БАРДАМ ХЭЛЭХ, АЖИЛ ХИЙЖ ОЛСОН МӨНГӨ САЙХАН. Ирэх онд сайн ажиллаж,
их мөнгө олноо.
Comments
Post a Comment