Өнгөрсөн хавар хичээлдээ унасан нэг оюутны хамаатан
садангууд ирж багштай нь уулзаж байгаатай таарсан юм. Нилээд бухимдсан хоёр
эрхэм орж ирэн багшаас яагаад унасан талаар тайлбар шаардав. Багш ч дүн
гаргасан материалуудаа үзүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүний дараа өнөөх
хоёр нилээд санаа нь зовнингуй буруугаа хүлээн, оюутныг зэмлэж байв. Багшаас та
дүнгээ засаад өгч болохгүй юу? Өнөө цагт шударга хэн байгаа юм бэ? Та шударга
зан гаргалаа гээд ямар хэрэгтэй юм бэ гэцгээж байгаа нь чих дэлслээ. Тэд "алга
болсон" гээд байгаа “шударгатайгаа” нүүр тулаад, үгүй хийх гэж оролдож байгаагаа
өөрсдөө анзаарсан бол уу. Гэхдээ гарахдаа нэгийг бодож итгэл өвөрлөн гарсан
байх гэж найднам.
Ингээд энэ талаар нилээд бодлоо. Шударга байдал, бусдыг хайрлах
сэтгэл, эр зориг энэ бүгдийг бид эргэн тойрноосоо хайгаад байна. Тэгээд байхгүй
гэдэгт итгэчихээд заримдаа нүдэн дээр чинь байхад анзаарахгүй, анзаарсан ч
заавал нэг хар хорон бодлоор үгүйсгэдэг болжээ. Ингээд эцэст нь эргэн тойрны
хүмүүст эдгээр чанар алга гэсэн бодлоор өөрийн шударга бус үйлдлээ зөвтгөнө. Гэтэл эдгээр
үнэт зүйлс бусад хүмүүст байх, байхгүй нь чухал биш, харин өөрт байна уу гэдэг
нь л чухал юм. Кантын хэлснээр “хүн бүр эрхэм чанартай (үнэт зүйлстэй)” бөгөөд
таны дотор хаа нэг газар заавал байгаа, олдохгүй байгаа бол тоосонд булаатай,
дарагдаад байж л байгаа.
Хүн бүр эдгээр үнэт зүйлсийг өөртөө агуулан төрдөг. Тийм ч
болохоор хүн бүрийн дотор бурхан бий гэдэг байх. Хүн бүр төрөхдөө шударга, энэрэнгүй,
эр зоригтой байдагт эргэлзэж байвал нялх үрсийг хараарай. Харин хүн төрөхөөс
заяасан гайхалтай сайхан үнэт зүйлсээ “дотооддоо гээхийн” хирээр тэр орон
зайгаа энэ хорвоогийн хэрэгтэй хэрэггүй эд юмсаар нөхөх гэж дэмий л оролддог.
Хүний дотоод үнэт зүйлс хүний оршихуйн үндэс бөгөөд сэтгэлийн дотоод хязгааргүй
амар амгалан, баяр хөөрийг авчирдаг гэдэг. Харин түүнийг энэ хорвоогийн эд материалаар нөхөх боломж үгүй юм.
Эрээнтэй, бараантай энэ хорвоод буугаад мордохын цагт таны мөн чанар, дурсамжаас өөр таны гэх юм юусан билээ. Хүн болж мэндлэхдээ өөрт заяасан хүмүний үнэт зүйлсээ гээчихэлгүй буцах л төрөхөөс үхэхийн хооронд хийх аяллын хүнд нь юм уу. Иймд үнэт зүйлсээ өөр дотроосоо тэмтчин хайхаас өөр гарц үгүй. Шударга, үнэн, энэрэнгүй, нигүүлсэнгүйг өөрөөсөө хайя.
Comments
Post a Comment